/ / Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

     Цагдаагийн албаны тухай хуулийн 14.2-т заасан үүргийн дагуу 2017 оны 01 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас 2016 оны жилийн үйл ажиллагааны тайланг Иргэний зөвлөлд ирүүлэв. Зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газрын 2016 оны жилийн ажлын тайланг 2017 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцээд дараах санал зөвлөмжийг гаргаж байна. 

Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд:

1. Дархан сумын Засаг даргын санаачлагаар11 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөлгөөнт пост, эргүүлийн автомашин хүлээн авч ажиллуулж байгаа болон аймгийн Засаг даргын захирамжаар замын цагдаагийн шалгах төхөөрөмж, ‘Police Reader’ багаж худалдан авахад зориулан 84 282 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгсөн нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд зохих хувь нэмрээ оруулж, орон нутгийн төсөвт 484 763 900 төгрөгийг төвлөрүүлэн ажилласан сайн үр дүн авч иржээ.

2. Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт ЦГ анх санаачилж 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн систем \камержуулалт\-ийн урсгал засварын ажил 80%-тай хийгдэж байгаа юм байна. Гэсэн хэдий ч гудамж талбай, олон нийтийн газар, гэр хорооллын гудамжуудыг хяналтанд авах зорилгоор хяналтын камерын ашиглалтыг сайжруулах, нэмэлтээр суулгах хэрэгцээ шаардлага байна .

3. Төвөөс алслагдсан гэр хорооллын гудамж, байр, орон сууцны гаднах орчин, орц, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй цэгүүдийг байнгын гэрэлтүүлэгтэй болгох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад ач холбогдолтой гэж зөвлөл санал оруулж байна.

Төсөв санхүүгийн зарцуулалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд:

1. Эдэлгээний хугацаа дууссан болон дуусах болоогүй боловч ажлын шаардлага хангахгүй 4 тээврийн хэрэгслийг актлах саналыг орон нутгийн өмчийн албанд хүргүүлэн ажилласан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗД-ын мөрийн хөтөлбөрт ЦГ-т автопаркийн шинэчлэл хийж 2 автомашин авч өгнө гэж тусгасан. Энэ нь ЦГ-ын үйл ажиллагааны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй , одоо ашиглагдаж байгаа автомашинууд нь туулах чадвар муутай жижиг тэрэгнүүд байгаа учир туулах чадвар сайтай автомашины тоог нэмэгдүүлэх шаардлага байна.

2. Дархан-Уул аймгийн ЦГ-ын Эрүүлжүүлэх саатуулах байр нь хүний эрхийг хангасан стандарт шаардлагыг хангаж чадахгүй, ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа байшин юм.
Иймд стандарт хангасан тусгай байрыг шинээр газар олгож бариулах шаардлага тулгарч байна. Энэ чиглэлийн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөхийг санал болгож байна.

3. Гэр бүлийн хүчирийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо буурахгүй байгаа болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаад 2017 оны 2 дугаар сараас хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан ЦГ-ыг түшиглэсэн Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг түр байрлуулан хамгаалах стандарт хангасан байрыг байгуулж ажиллуулах хэрэгцээ шаардлага орон нутгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэж ажиллахыг зөвлөж байна.

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажлын хүрээнд:

1. Цагдаагийн газар 2016 онд иргэд, ААНБ-аас гэмт хэрэг зөрчлийн талаарх 12 536 гомдол, мэдээлэл, дуудлага хүрээн авч ажилласан нь өмнөх оноос 2,6%-иар өссөн байна. Гомдол мэдээллийн тоогоор Дархан-Уул аймаг бусад аймаг орон нутгаас 1-д явж байгаа бөгөөд шийдвэрлэлт нь 99,1%-тай байгааг зөвлөлийн зүгээс сайн ажилласан байна гэж үнэлж байна.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн дуудлага, гомдол, мэдээллийн болон шийдвэрлэлтийн тоог статистик мэдээнд албан ёсоор оруулж өгөх санал оруулж байна.
Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар:

3. 2016 онд нийт 47 зөрчилд 52 алба хаагч холбогдон сахилгын арга хэмжээ авагдсан байгаа нь өмнөх онтой харьцуулахад 18,1%-иар өссөн байна. Нийт бүрэлдэхүүний 22,8% нь арга хэмжээ авагдсан байна. Сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын 41 буюу 78,8% нь офицер байгаа нь анхаарал татаж байна. Алба хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хувь хүний хөгжлийн, харилцааны талын сургалтыг, мэргэжлийн чиглэлийн сургалтуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна